Сургамжит өгүүллэг-6
Сарны сонат
Бетховен дүлийрч эхэлжээ.Хөгжимчин
хүн дүлий болсон нь бүх хүнд түүний төгсгөл
ирсэн мэт бодогдож байлаа.
Тэгтэл нэгэн өдөр сохор охинтой дайралджээ.Бетховен өөрөө өөрийгөө сонсож чадахгүй дүлий болсон учир тахир дутуу байхын зовлонг цус махандаа шингэтэл мэдэрч байв.
Тэр үед цонхоор сарны гэрэл үзэсгэлэнтэйгээр гэрэлтэж, тэр гэрэл нь нууранд тусаж, нуурыг улам үзэсгэлэнтэй болгожээ.Үзэсгэлэнт нуур, сарны гэрлийг харж чадахгүй охиныг бодоод сэтгэлд нь харамсал төржээ.
Бетховен тэр охинд нуурын үзэсгэлэнт сайхан сарны туяаг тайлбарлан өгөхийг хүсэв.Тиймээс төгөлдөр хуурынхаа ард сууж өөрөө ч мэдэлгүй гайхалтай аялгуу урсгалаа.Тэр хөгжим нь алдарт “Сарны сонат” юм.
Бусдын төлөөх үнэнч сэтгэлтэй байхад гайхамшиг бий болдог. Бетховены сохор охинд зориулсан сэтгэл боломжгүй зүйлийг боломжтой болгож чадсан юм.
Сэтгэлийн шарх
Бат 20 нас хүрчээ.Тэрээр аль хэдийнээ
юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн боловч
үргэлж бусдыг гомдоож, болж бүтэхгүй гэсэн
зүйлийг хийж явдаг байлаа.
Нэгэн өдөр аав нь:
-за үүнээс хойш бусдыг гомдоож буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай гэжээ.
Өдөр хоног өнгөрөх тусам түүний хадаас хадах цөөрсөөр нэг л өдөр хадаас хадсангүй.Тэгээд аавдаа:
-за та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биз гэхэд аав нь:
-За тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйлс хийх бүрдээ хадсан хадааснаасаа нэгийг сугалж аваарай гэв.
Тэгээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадаасууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй.Үүнийг хараад Бат аавдаа:
-Та хар даа хананд нэг ч хадаас байхгүй байна.Би сайн үйлстэн болсон байгаа биз гэв. Эцэг нь:
- Тиймээ, хананд нэг ч үлдээгүй байна.Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэжээ.
Энэ түүхийн гол санаа нь чи муу зүйл хийж байгаад засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү гэдгийг сургажээ.
Хайртаасаа хагацах нь
Түүнтэй анх танилцсан үе... 10 жилийн
сургуулийн сурагч дөнгөж 14-хөн настай
байсан. Харин түүний насыг бүү асуу.
Мэдсээр байж өөрийгөө юунд унагаснаа би сүүлд ойлгосон юм. Бидний энэ хамтын амьдралд бүгд л намайг дэндүү балчир байна гэцгээж байсан боловч ийм харьцаанд нас чухал биш гэж боддог байлаа.Анхандаа уг нууцаа дотны найзуудаа л дэлгэдэг байв.Зөвхөн түүнтэй л сэтгэлээ баясгадаг байлаа.Яасан ч тэнэг байсан юм бэ дээ.
Гэрийнхнээсээ тас нуулаа. Эхэндээ хүнгүй газар цөөхөн уулздаг байсан боловч сүүлдээ байнга цуг байдаг боллоо.Тиймээ, би түүнд хайртай байлаа.Гэсэн ч “үгүй ямар бариад хүлчихсэн биш дээ, хүссэн үедээ хаяна” гэж боддог байв. Гэрийнхнээсээ тэр тусмаа ээжээсээ их айдаг байсан боловч, нэг удаа түүнтэй орондоо хамт байж байгаад баригдсан юм.Ээж маань уурласан ч үгүй, загнасан ч үгүй.Харин баахан сургааль айлдав. Түүнтэй хамт байхыг минь бүү хориглооч гэж ээжээсээ уйлан байж гуйлаа.
Хэдэн жилийн дараа бид бие биедээ чухамдаа би түүнд хэт татагдсан байж байлаа.Харин би түүнд үнэхээр сонин биш байсан бөгөөд харин би бүхнээ зориулдаг байв. Тэрбээр надад зөвхөн хуурамч аз жаргал өгдөг байв.Харин би бүх юмаа... Түүний төлөө үргэлж хүмүүстэй муудалцаж, бас өвчтэй ч боллоо.Эхлээд түүнийг хайрладаг байсан бол дараа нь үзэн ядаж сурлаа.Хамт байхад хүсэхгүй байхад минь ч тэр үргэлж надтай цуг байдаг байв.Заримдаа түүнийг хайж олсны дараа санаж үхэх шахсан амьтан баярлан уулздаг байсан юм.Найзууд минь ихэнх нь түүнийг үзэн яддаг байлаа.Заримдаа би өөрөө ч хүртэл гар хуруу, үсэнд минь шингэсэн түүний үнэрийг үзэн яддаг болов.Уруул минь хүрэх тоолонд тэр надаас ямар нэгэн юм аваад оддог байлаа.Тэр үргэлж өнгөжин жавхаажиж байсан бол би гэдэг хүн улам муудсаар...
Гэвч салж чадахгүй хэвээр.Уг нь олон удаа салахыг оролдсон боловч дахин уулзсан учрал бүхэн урьдынхаасаа илүү сайхан байдаг байлаа.Түүнийг үгүйд байж суух маш хэцүү болж эхлээд хумсаа хэмлэж, дараа нь самар цөмнө.
Хагацсанаасаа болж жин нэмж эхэлсэн юм.Магадгүй та итгэхгүй байх л даа.Одоо ч гэсэн дэргэд минь байж л байна.Гэвч та бүхнийхээ өмнө андгай тангараг өргөж түүнээс хагацъя ”нэг бол тэр намайг үгүй хийнэ, эс бол би тамхийг хаяна”...
Хүүхдийн цэцэрлэг
Хотын хамгийн аятайхан цэвэрхэн
гэгддэг цэцэрлэгт нялх хүүхдээ өгөхөөр
нэгэн залуу бүсгүй иржээ.
Тэрээр захиралд нь :
-Би хүүхдээ танайд өгмөөр байна.миний сонссоноор танай цэцэрлэг хамгийн халамжтай, сайн асаргаатай, бас хүүхдэд юм зааж сургадаг гэсэн. Захирал инээмсэглээд
-Та зөв сонссон байна.Манай бүх юм тад таалагдана гэж найдаж байна гэж хэллээ.
Захирал ширээний нүд дотроос гэрээгээ гаргаж ирэн гэрээний болзлыг танилцуулав.Бүсгүй гэрээг гүйлгэн хараад:
- Энэ бүхэн ойлгомжтой. Хамгийн дор байгаа зүйлийг ойлгосонгүй”
-Аан тийм, энэ их чухал.Таны өмсдөг хувцаснаас нэг л байхад болно. Цамц юмуу даашинз.
-Цамц уу? гэж эмэгтэй гайхаад, энэ ямар учиртай юм бэ? гэж асуулаа. Захирал:
-“Тийм ээ энэ их хэрэгтэй. Хүүхдүүдийг унтахад үүгээр хучдаг юм л даа. Яг л ээжийнхээ өвөрт байгаа юм шиг байг” гэж хэллээ.
Төрсөн өдөр
Би өдрийнхөө талхыг авахаар
мухлагт ирэхэд талх арай гарч
амжаагүй байв.
Талх 2-3 минутын дараа гарна гэсэн учир суугаад хүлээж байсан юм. Намайг хүлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон медаль зүүсэн бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо өглөө.Талхчин түүнд өчигдрийнх бодлов уу гэмээр хуучирсан талх хоёрыг торонд нь хийж өгөв.Би талхчингаас яагаад шинийг өгөөгүйг асуухад:
-Өөрөө хүсдэг юм.Их ядуу болохоор надаас тал үнээр нь авдаг юм.Би энэ хэн юм бэ? гэхэд “Ахмад дайчин.Хүү бэр хоёроо автомашины ослоор алдчихаад хоёр нялх ихрийг нь харж хоцорсон.Тэгээд эднийгээ багахан цалигаараа өдий хүргэж тэтгэж яваа хүн шүү дээ” гэв.
Түүний яриаг сонсоод надад өрөвдөх сэтгэл төрж бага боловч тус болох юмсан гэж бодов.
Тэгээд “зөрүүг нь би төлчихье,нэг удаа ч гэсэн шинэхэн талх идэг” гэхэд талхчин зөвшөөрөн толгой дохиод талхыг шинээр сольж өгөөд “Ах гуай та ч азтай хүн юмаа.Өнөөдөр таны ихрүүд шив шинэхэн бялуу шиг талхууд идэх болно” гэв.
Өвгөн баярлан талхаа авах зуураа “Бурхан чамайг ивээг, хүү минь.Өнөөдөр тэдний минь төрсөн өдөр болохыг та яаж мэдээ вэ?” гэв.
Ганцхан аяга сүүний хүч
Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэгэн
юм худалдаж өл залгахаар явдаг байлаа.
Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй юм биш болохоор тэр амжилттай биш.Өнөөдөр тийм л азгүй өдөр байлаа.
Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэн нэг хаалга тогшвол үе тэнгийн нэгэн охин хаалга нээв.Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа.Харин охин бүхнийг ойлгож байсан тул нэг аяга сүү авчирч өгөв.
Хүү сүүг хурдан уугаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн “хэдийг төлөх вэ? “ гэхэд охин “хэрэггүй, ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой гэж сургасан юм.” гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархаад явлаа.
Он жилүүд урсан өнгөрч, Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ.Цаг хугацаа урссаар л...
Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ.Бусад эмнэлэгт эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй ажээ.Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон ... бас мартмааргүй нэр... Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн байлаа. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа.Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ.
Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийж, эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ. Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ, хагалгаа, үйлчилгээний зардал 10.000 доллар болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв.
Ийм эмчилгээ асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал “Та эмчилгээнийхээ төлбөрийг олон жилийн өмнө нэг аяга сүүгээр төлсөн. Доктор Хорвард” гэсэн гарын үсэг байжээ.
Миний буруу
Солонгосын нэгэн хуучны яриа байдаг.Хадамд очоод удаагүй шинэхэн бэр нэг удаа гал тогооныхоо өрөөнд уйлж суужээ.Үүнийг харсан нөхөр нь учрыг асуутал будаагаа түлчихлээ гэв.
Нөхөр нь ахиухан ус зөөж өгч чадаагүйгээс ус багадаад будаагаа түлчихлээ гэж өөрийгөө буруутгаж гэнэ.Үүнийг сонсоод эхнэр нь уйлахаа зогсох нь битгий хэл улам их уйлав.
Хажуугаар нь өнгөрч явсан хадам аав нь түлээгээ нарийхан хагалж өгч чадаагүйгээс гал нь ихдээд будаа түлэгдсэн нь хөгшин миний буруугаас боллоо гэж бэрээ тайтгаруулав.
Тэр үед гартаа сав барьсаар хадам ээж нь орж ирээд будаа түлэгдэх үнэрийг мэдрээгүй хөгшин миний буруу гэж бэрээ тайтгаруулсан гэдэг.
Эртний үгэнд “Гэр бүл аз жаргалтай бол ажил үйлс бүтэмжтэй” гэдэг.Бие биенийхээ алдааг уучилж тайтгаруулах нь гэр бүлийг аз жаргалтай болгодог.
Шөнийн замаар
Английн Виллиж тосгонд нэгэн хүү
өвчилж, улмаар өвчин нь хүндрэн амь
насанд нь аюултай болсныг Мансол эмч
сонсов.
”Шөнийн харанхуйд бас тэгээд бороо орж байхад бүтэн цаг явган явах нь ээ? Би очиж эмчилсэн ч тэр ядуу бэлэвсэн эхнэр эмчилгээний зардал төлж чадах болов уу?” гэж бодсон ч хүнлэг сэтгэл, хүлээсэн үүрэгтээ хөтлөгдсөн тэрээр хүүгийн амь насыг аварч амжжээ.
Энэхүү хүү ирээдүйд Английн улс төрд маш их нэр хүндтэй сангийн сайд , цэргийн яам, батлан хамгаалах яамны сайд болох Руид Жорж
байсныг тэр үед хэн мэдэх билээ.
Түүнийг сангийн сайд болоход, өнөөх эмч “Бороо цутгасан шөнийн харанхуйд бүтэн цаг явж, хөдөөгий ядуу тариачны хүүг эмчилж байхдаа Англи орны алдарт удирдагчийн амь насыг аварч байна гэж ёстой бодсонгүй” гэжээ.
Аугаа их хайр
Түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй яг нэг
доллар 87 цент байв. Делла мөнгөө гурван ч
удаа тоолов. Гэвч яг нэг доллар 87 цент
хэвээрээ л байв.
Гэтэл шинэ жил гарахад ердөө л ганц хоног үлджээ.
Делла долоо хоногт 8 долларын хөлстэй, тавилгатай умгар өрөөнд амьдардаг ажээ.Тэр байр нь тийм гэхийн тэмдэггүй ядуу оромж аж. Нулимсаа арчиж дуусаад Делла нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд цонхоор арын талбайн хашаан дээгүүр явж байгаа муурыг дэмий л гөлрөв.
Маргааш шинэ жил болох гэж байхад хайртай нөхөртөө бэлэг авах ердөө л нэг доллар 87 центтэй байв.Уул нь энэ мөнгөө хэдэн сарын турш юм юмнаас илүүчлэн цуглуулжээ.Гэвч цуглуулсан мөнгө нь ямар ч бэлэг авахад хүрэхгүй байв.
Хайрт Жимдээ авч өгөх бэлгийнхээ талаар бодон баярлах үе цөөнгүй ч байдаг байсан.Делла цонхноос холдон толины өмнө очив.Түүний баярласандаа болоод гялалзаж байсан нүд нь 20 секундын дараа ор мөргүй алга болов. Овоолон шуусан үсээ задлахад мөрөн дээгүүр нь урсан орж ирэв.Тэр хоёрт бахархан хайрладаг 2 зүйл байдаг аж.
Нэг нь Жимийн өвөг эцгээс үлдсэн алтан цаг, нөгөө нь Деллагийн нурууг нь даган урсах үс байлаа.Деллагийн алтан шар үс нь тахимаа хүртэл асгарч ар нурууг нь хучив.Түүний үсэнд ямарч хүн атаархан дуу алдмаар.Агшин зуур тээнэгэлзэх мэт зогсов.Шалан дээр дэвссэн халцархай улаан хивсэн дээр хэдэн дусал нулимс унав.
Нулимсаа ч унаж амжаагүй байхад Делла ухасхийн гадагшаа гарав. “Бүх төрлийн үс авна” гэсэн гарчигтай хаалганы өмнө зогсов.Шууд л дотогшоо ороод “Үсийг минь худалдаж авахгүй биз” гэж асуув.Эзэн авгай үсийг нь илж, барьж үзсэнээ 20 доллар гэв.
Делла ч “За тэгвэл хурдал” гэв.Делла өөрийн хайсан бэлгээ олох гэж бөөн юм болов.
Арайхийн хайсан зүйлээ олсон нь цагны алтан гинж байлаа.Үнэхээр Жимийн алтан цаганд яг тохирох сайхан алтан гинж байлаа.Бэлэг нь Жимийд таалагдах болтугай гэж залбирав.
Тэгж байтал хаалга онгойн Жим орж ирэв.Хайр дүүрэн нүдээр Делла руу харангаа бэлгээ өгөв.
Хайрцгийг онгойлгон харвал урт үстэй байхдаа авах юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан хос үсний даруулга байлаа.Гэвч одоо түүнд энэ даруулга хэрэггүй болсон.Нүдээр нь дүүрэн нулимс сувдан хэлхээ мэт урсаж байлаа.
Гэвч түргэн зуур өөрийн бэлгээ Жимд сунгав.Жим бэлгээ нээгээд алтан цагны гинж олж харав.Гэвч одоо түүнд энэ алтан гинжийг зүүх цаг нь байхгүй болжээ.Учир нь Деллагийн мөрөөдлийн хос даруулгыг авахын тулд заржээ.
Сэтгэлээр тэр 2 унасангүй.Яагаад гэвэл тэр 2-ын дунд худалдаж ч, худалдан авах ч болшгүй аугаа их ариун гэгээн хайр сэтгэл байлаа.
Гүрвэлийн нөхөрлөл
Японы Токио хотод олимп болох учир
цэнгэлдэх хүрээлэнгээ өргөтгөх болжээ.
Тэгээд ойролцоох байшингуудыг нураах болсон тул, баригдаад 3 хан жил болсон нэгэн байшинг ч гэсэн байшинг нураах болжээ.
Ажилчид дээврийг нь хуултал сүүлээрээ ханан дахь хадаасанд зоогдоод хөдөлж чадахаа больсон гүрвэл амьд байхыг харжээ.
Хүмүүс учрыг олохын тулд нураах ажлаа 3 хоног хойшлуулж гүрвэлийг ажиглажээ.
Тэгтэл өөр нэгэн гүрвэл хаанаас ч юм гарч ирээд өдөрт хэд хэдэн удаа хоол авчирч өгдөг болохыг нь мэдэв.
Ер нь бид дан ганц өөрийн хүчээр амьдарч чадахгүй, бусадтай зохицон бие биедээ туслахын тулд амьдардаг учраас гэр бүл, найз нөхдөдөө харамгүй тусладаг билээ.
Хувин
Эрт урьдын цагт Энэтхэгийн нэгэн ус
түгээгч хоёр хувинтай дамнуургаар ус
зөөдөг байжээ.
Харин 2 хувингийн нэг нь цоорхой бөгөөд усных нь тал асгарчихаад хүрдэг байв.Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичин, харин бүтэн хувин өөрөөрөө бахархдаг байлаа.
Иймэрхүү байдлаар бүтэн 2 жил үргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгүй:
- Эзэнтэн минь би өөрөөсөө ихэд ичиж байна.Мөн танаасаа уучлалт гуйхыг хүсч байна. гэжээ.
- Яагаад гэж усчинг асуухад :
- Яагаад гэвэл би авч ус авч ирэх тоолонд усныхаа дөнгөж талыг авчирдаг.Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бүгдийг нь авч чаддаггүй шүү дээ гэхэд усчин хариуд нь:
- Чи буцах замдаа замын хажуу талын цэцгүүдийг хараарай гэв.
Цоорхой хувин буцахдаа замаа хартал үнэхээр сайхан цэцгүүдийг ургасан байхыг харлаа.Гэсэн хэдий ч хүрэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчингаас дахин уучлал гуйв. Тэгэхэд усчин хувигаасаа:
-Замын хажууд зөвхөн чиний талын цэцгүүд ургасан, нөгөө талын цэцгүүд ургаагүйг ажиглав уу? гэж асуугаад
-Үүний учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн үр суулгасан юм.Ус аваад буцах замдаа бид тэднийг усалж сайхан цэцгүүд ургуулсан.Хоёр жилийн турш би энэхүү цэцгүүдийг түүж эзнийхээ гэрт тавьдаг байсан.Хэрвээ энэ сайхан цэцгүүд байгаагүй бол түүний гэрт аз жаргал авч ирэхгүй байсан шүү дээ” гэж өгүүлжээ.