Д. Батбаяр "Мэлмий"
Д. Батбаяр : Мэлмий
Хаалга онгойн гаднаас хүүхэд гүйн орж ирэх хөлийн чимээнээр өвгөн Нэрэн :
--- Өө миний хүү юү ? Гадаа халуун байна уу ?
--- Yгүй ээ , Нээнээ та гадаа гараагүй юу ?
--- Өглөөгүүртээ мөн нэг жаахан гарч суусан . Халуун өдөр болох аятай байна лээ..
Миний хүү хүйтэн юм залгичихаад дээшээ гүйж гараад Ваанчиг билүү, нөгөө рашаан шинжээч залуу чинь, тэднийд очоод « өвөө танд рашаан захисан юмсан, Авчраа болов уу »гэж асуугаад ир гэхэд жаал хүү Жавхлан « За » гээд годхийн гарав . Жавхлан хүү шатаар нисэх мэт гүйн хоромхон зуур дээд давхрынхаа айлын үүдэнд очин, өлмий дээрээ өндийн байж цахилгаан хонхны нь товчийг нэгэнтээ үргэлжлүүлэн дараад хаалга руу цэхлэн зогсов. Хаалга онгойсонгүй .
Жавхлан хүү хором тээнэгэлзсэн янзтай зогссоноо хаалга нь мөн байгаа гэсэн мэт өлийн харахдаа хүлээн авагчийн чийдэн шиг юм хаалганд байхыг ажин , лав хаалга онгойхоор ногоон гэрэл асдаг юм байх гэж бодон хонхыг дахин дарав. Төдхөн хаалганы цаана цоож түлхүүр тожигнон хаалга аажимхан онгойсон боловч ямар ч гэрэл ассангүй. Харин Ваанчигийн эхнэр болох туранхай хөх хүүхэн үүдээ таглан зогсоод:
--Юув ?
--Нээнээ Ваанчиг гуайгаас рашаан авчирсан болов уу гэж асуугаад ир гэж байна гэхэд нь «Хэний хүүхэд билээ энэ чинь »гэсэн шиг Жавхлан руу лавлан харснаа:
--За би асуугаатхая гээд цаашаа өрөө рүүгээ орон:
--Доод айлын муу жаал л байна. Нөгөө сохор өвгөн чинь бас л рашаан авчирсан уу гэж асуулгаж гэх нь Жавхланд утсаар сонсогдох хүний яриа мэт алс бөглүүд дуулдав. «Нээнээ ямар сохор юм уу, Нээнээгийн нүд нь гартаа байдаг юм чинь гэж Жавхлан хүү бодлоо.
Онгорхой цонхоор орж ирэх нэвт салхи битүү хаалттай хаалганы завсраар сэнгэнэх нь намрын хүйтэн салхи эднийд л хорогдож байдаг юм уу гэлтэй.
Ваанчигийн эхнэр ирэн :
--Жаахан рашаан авчирсаан. Одоохондоо завгүй байна.Азнаж байгаад ирж аваарай» гэж хэл гээд хаалгаа хаахад Жавхлан хүүгийн өөдөөс сэнгэнэж байсан салхи хаалганд цохигдон тасарсан дээс мэт эрчлэн ирж , нүүр руу нь цохих шиг болжээ . Ваанчигийн эхнэр юу ч болоогүй юм шиг хаалгаа түгжээд эргэж ирэхдээ :
--Манай байшингийн хэдэн хүүхдийн дэггүй гэдэг үү. Жигтэйхэн заримдаа чинь хаалганы хонхыг учир зүггүй орилуулаад л байх нь тэр. Юу болов , наана цаана гэж бодоод онгойлгоход юу ч байхгүй шүү. За тэгээд шуугина гэж ... Бид хоёр өсөхөөсөө аваад чимээ шуугиангүй газар дасчихсан болоод хүүхэд нажигнахаар л амь тэмцэх шиг болох юм гэхэд Ваанчиг :
--- Хаалганы хонхыг ч ... нэг л ... хүүхэд дарчихаад зугтаачихаад ... байгаа юм ... Гайгүй ээ . Чамайг нэг ... дуранджээ ... байгаад ... бариад авнаа ... гэж үг нэг бүрээ аман дотроо эвлүүлэн, хэлээрээ нэг нэгээр нь тэмтэрч үзсэний хойно сая гаргах мэтээр удаанаар тасалдуулан хэлээд, хүж адил уугих янжуурынхаа үлдэгдлийг ширээн дээрх гуулин бойпорт бясаа алах мэт эрхий хуруугаараа няцлан унтраав. Түүний өөдөөс харж суусан дэлдэн шар залуу :
--- Хэний яанаагүй хаалгандаа ийм нэг дуран олж хийе байз .
Энийг чинь юу гэдэг юм дээ ?
--- Оросоор « глазок » гэдэг юм . Монголоороо одоо « нүдхэн » гэлтэй биш дээ . Шагайвар гэдэг юм уу даа гадна талаасаа дотогшоо юу ч харагдахгүй хирнээ дотроосоо бол ч дураан дуран. Yүдэн дээр зогсож байгаа хүнийг амьсгаа хүрэм ойрхноос хараад байхад чинь ер ажиг ч үгүй ангайгаад л зогсож байгаа нь ёстой, овоо хараанд орчихоод зогсож байгаа согоо гээд хажуудах хүндээ харагдах төдий болохоос сонсогдохооргүй инээх нь өөрөө өөрийнхөө нүүрэнд тодорсон инээдээ гадагш нь цацраалгүй буцаан биедээ хураан авч байх шиг харагдана .
--- Би ч түрүүн ёстой ангайгаад зогсож байсан байх даа гэж дэлдэн шар залуу инээн:
--- Чи найздаа нэгийг олоод өгөхийг бодоорой . Ваанчиг царайгаа төв болгон түүн рүү нээрэн үү гэсэн мэт хэсэг ширтсэнээ :
--- Нандин юмтай хүнд олдож цөхөх юу байхав, дороо. Аятайхан хийцтэй зурмал ч юмуу , шуумал ч юм уу нэг юм олоод ир л дээ .Би чамд олоод өгөмз . Харин чи нөгөө ахтайгаа танилцуулаатахна гэсэн чинь яасан бэ ? Даруйхан шиг танилцвал над мөн их хэрэг байна санж .
Би нэг сайн монгол цоожныхоо өргөсийг гээчихсэн юм . Түүндээ л нэг өргөс хийлгэх гэсэн юм . Уг нь их сайн цоож . Энэ нэг олон түлхүүртэй далд цоожнууд уу , монгол цоож шиг манайх эзгүй гэсэн шиг данхайтал харагдахгүй нь бараг цөмөөрөө хоорондоо таарах нь холгүй юм гээд цонх түшүүлэн тавьсан ширээн дээрээс баруун гараа могой мэт чимээгүй гулгуулан авч халаасандаа хийгээд саяны хэлсэн үгээ амтлах мэт тамшаалав .
--- Нэрэн гуайгаар хийлгэхгүй юу . Залуудаа их сайн дархан байсан юм гэх чинь билээ .
Би хэлсэн л дэг . Ойрын жил цоож түлхүүр хийсэнгүй . Төсөөрчихөө болов уу даа , гэсэн ч яахав хэмжээ дамжаагий нь өгвөл болох байлгүй яав гэж л байна л ээ шүү дээ гэж ноосон цамц нэхэж суусан эхнэр тосон авч хэлэхэд :
--- Хн ! Тийм хүнээр цоожны өргөс хийлгэх гэж ... Дэмий юм ярьж байдаг юм гэхэд эхнэр нь дуугуй болон юмаа хурдан хурдан нэхэж эхлэв . Дэлдэн шар залуу :
--- Тэр бололгүй яахав . Хэзээ л бол хэзээ , өнөөдөр ч гэсэн болно .
--- Хаана юм дээ .
--- Долоон буудлын тэрээд шүү.
--- Хн ! үгүй мөн холоо . Тэгээд хоёулаа хэзээ тийшээ явах вэ ?
--- Би нөгөөдрөөс хөдөө явчих байх . Завтай бол маргааш өглөө явья л даа .
--- За байз маргааш өглөө ... болох юмаа . Чи өглөө дайраад ирнэ үү.
--- Тэгье л дээ .
--- За ашгүй тэгвэл гээд Ваанчигийг суудлаасаа босоход , дэлдэн шар залуу « яв » гэсэн мэт даган босч үүд рүү зүглэхэд , Ваанчигийн эхнэр :
--- Хүүе хоол идээд яваач .
--- Зүгээр зүгээр . Би бас ажлын далимаар нутгаар орох санаатай . Мэр сэр юм төхөөрмөөр байдаг. Хоёр нүдний дуран ч олддоггүй байх даа гэхэд Ваанчиг :
--- Тэр чинь ёстой нэг хөдөө явах хүний гарын бэл гэнэ лээ шүү.
Дор хаяад л нас гүйцсэн шар ...
--- Миний нэг нагац ах байдаг юм. Тэр маань хэрээстэй дуран гэж үглээд байдаг юм . Олоод очвол зүгээрсэн .
--- Тэр ч ховор эд байх шүү гэв . Дэлдэн шар залуу өрөөсөн нүдээ анин , хаалганы шагайвчаар гадагш харснаа :
--- Догь эдээ бас . Энэний чинь оронд зүгээр шил хийчихвэл гаднаас хүн шагайгаад байх нь байна шүү.
--- Хаалганд байх ч бас хүн үзчихээд дэмий байгаа юм . За баяртай .
--- Баяртай .
Ваанчиг хаалгаа түгжин үүднийхээ өрөөнд орж ирэхэд ширээн дээрх аяга , тавагтай чихэр сэлтээ хурааж байсан эхнэр нь :
--- Чи ус цасанд ороод амарч бай . Би дэлгүүрт очоод идэх уух юм цуглуулаад ирье. Тавгийн чихэр ч дуусч байх шиг байна . Ямар чихэр авах вэ өвгөөн !
--- Таваганд тавих юм бол ямар ч чихэр яадаг юм .
--- Арвын чихэр авах уу .
--- За, хэн мэддэг юм. өөрөө л мэдэхгүй юү . Одоо байтлаасаа таваганд ямар чихэр тавихаа хүртэл асуух нь шив дээ .
--- Асуухгүй яадаг юм . Мэдээд авчихаар чи сүүлд нь ийм тийм гээд салдаггүй шүү дээ .
--- За ... За ... больж үз, зүгээр , гэрийн босго алхахаар л хэрүүл .
--- Хэлэхгүй яадаг юм . Тэгж яривал ч чамаас л дандаа хэрүүл гарч байдаг шүү гээд галынхаа өрөөнд орон хувин сав , аяга тавгаа хангинуулах нь тэндээс харааж загнасаар л байх мэт Ваанчигт санагджээ . Гэвч хэдэн хормын дараа эхнэр нь галын өрөөнөөс хоолны том цүнх барин гарч ирэхдээ :
--- Чи маргааш ажилдаа очих уу ? гэж аргадсан янзтай асуув .
--- Маргааш очиж чадахгүй байхаа. Өглөө өнөө дархны руу явна барина гэсээр байтал өдөр өнгөрчихнө биз дээ. Одоо хүн олдсон дээр хийлгэхгүй бол ингэсээр байтал хүн олдохоо больчихно гэхэд эхнэр нь юу ч хэлсэнгүй гараад явчихав . Ваанчиг ядарсан янзтай хоёр гараараа нүүрээ илснээ хувцсаа солихоор унтлагынхаа өрөөнд орж , тасалгаан доторхийг бүртгэх мэт нүд гүйлгэн харав .
Босоо хүний дайтай том толь, зэрэгцүүлж тавьсан хоёр шүүгээ , модон ор нь хэдхэн хоног хөдөө яваад ирэх хооронд нь цоо шинэ болчихсон юм шиг харагджээ .
Тэр шүүгээ уудлан хар даавуунд нандигнан босон юм гаргаж ирэн задлав.
Өргөсгүй цоож , түлхүүр хоёр байлаа .
Yүнийг анх говийн нэг айлын хүүхдийн тоглоомон дээрээс олсон ажээ . « өргөсгүй цоож гэдэг замаггүй буу шиг хэрэгцээгүй золиг байдаг юм шив дээ » , гэж бодон зогстол хаалганы хонх дуугарлаа . Ваанчиг цоож түлхүүрээ боон шүүгэндээ хийж хаагаад , муур мэт чимээгүй гэтэн очиж , хаалганыхаа шагайвраар харав . Доод давхарын нь айлын жаал хүү яг өөдөөс нь ширтэн зогсож байлаа. Ваанчиг хаалгаа онгойлгон :
--- Аа чи юү . За ор , саваа авчирсан уу гэхэд Жавхлан хүү ардаа барьж байсан жижиг бидоноо гаргаж өгөхөд :
--- Өө хөө! Энийг чинь дүүргэх юм байхгүй шүү. За яахав наанаа хүлээж бай гэж хэлээд галынхаа өрөө рүү орчихов .
Тэрбээр хэсэг чимээ тасарснаа архины шилтэй юм барин хүрч ирээд :
--- Өглөө орой хоёр нүдээ арчвал сайн юм гэнэ лээ . Уугаад ч хэрэггүй биз дээ гэж хэлээрэй гээд жаал хүүг гаргав .
Жавхлан хүү шилтэй рашаан бидон хоёроо элгэндээ тэврэн нэг ч шат алгасалгүй аяархан бууж гэртээ орж ирэв . Жавхлан анх удаа шат алгасалгүй явсан нь энэ ажээ .
--- Нээнээ! Өглөө орой хоёр нүдээ арчвал зүгээр байх . Уугаад хэрэггүй биз гэж байна гээд авдран доор ургасан ногоо шиг цонхигор цагаан гарт нь бариулахад өвгөн шилтэй рашааныг авч өвөр дээрээ тавиад тэмтэрч үзсэнээ .
--- Ээ төрийн минь сүлд гэж! Яасан сайхан хүйтэн рашаан бэ. Тэр газраас намайг гэж бодоод явдаг ямар ачтай хүүхэд вэ , зуу насал гэж хөөрхий минь хэмээн дуу алдахад галын өрөөнд хоол хийж байсан бэр нь хүрч ирэн :
--- Нээнээ минь ингэж хоёрын хооронд юм болгоод яахав . Найман сард бид хоёр амралтаа аваатахая. Тэгээд цөмөөрөө майхан зайхантай тухтайхан явцгаая .
--- Би явна даа. Би явна даа .
--- Иш ! хүүхдүүд минь юу юуны туханд хүрээгүй байж нэг их сүр бадруулаад яахав . Нээнээ нь хэд хоног нүдээ арчиж үзье . Тэгээд юу болох нь вэ ? Байдлыг нь харья. Улсын ярих нь өчнөөн төчнөөн халуун хүйтэн рашаан хэсээд хараа ороогүй хүн хараа орж гэлцэх юм. Юмыг яаж мэдэх вэ гэж бодоод Нээнээгий нь итгэл тасрахгүй юм даа .
Нээнээ нь уг нь мунгинасаар байгаад чадаагүй юм . Түүнээс биш манай сумын эмч хот руу явж эмчлүүл гэж бичиг хүртэл үйлдүүлж хийж өгч билээ . Гээд яах вэ яахав . Гэгээн төрийн буянд харанхуй ч гэхнээн нүдтэй юм шиг жаргаж л байна . Заримдаа ингэж зүгээр сууж тэтгэвэр авч байгаадаа дотор цухалдах юм . Уг нь хадан гэртээ харихаас өмнө бондгор бандиа харах юмсан гэж санах юмдаа . Миний хүү ч хөөрхөн хүү байгаа бий вий .
- Миний түнжгэр хүү шиг хөөрхөн хүү хаа байна .
-Одоогийн багачууд сайхан юм даа . Хар багаасаа сургууль номын мөр хөөдөг болоод ухаан нь эрт задарч томоо суух юм . Намайг чинь үүдээр гарав уу , үгүй юү. Нээнээ та гадаа суух гэж байгаа юм уу . Би шатаар буулгаад өгье гээд л шавчих нь тэр. Арай л өргөөд явчихгүй юмаа . За тэгээд л гадаа сууж байхад чинь энд ийм юм явж байна . Тэнд тийм юм байна гээд л шулганалдаад байх нь тэр дээ .
-Танаас бор ааруул , чихэр авч амташчихаад Нээнээ гадаа гарах нь уу гээд л үүдэн дээр шуугилдацгааж байдаг юм .
-Ерөө ер . Эдэнд чихэр жимс өгч муу зан сургачихаад Нээнээ нь тавгийн чихэр байлгахгүй нь ээ дээ . Улс амьтан орж ирэхэд тавгийн чихэргүй болгочихоод хүүхдийнхээ нүүрийг түлчих гээд байх юм даа .
-Яах вэ яахав . Нээнээ минь , байвал өгч л бай . Бид байгаа юм байх гээд заримдаа авахаа мартчихаад байх юм ... Нээнээ та наад рашаанаа ингэж барьж суугаад асгачихав даа .
-Ерөө хэлээд яахав гээд шилтэй рашааныхаа бөглөөг авч үнэрлэн :
-Элдвийн үнэр танаргүй сайхан рашаан байна, хөөрхий . Нээнээ нь хоолоо идчихээд нүдээ арчья .
Алив миний хүү энийг нэг шилэнд юүлчихээд шилийг нь аваачаад өг гэхэд Жавхлан хүү:
-Ам нь эмтэрхий ийм шилийг чинь дэлгүүр авдаггүй юм . Тиймээ ээжээ !
-Дэлгүүр авдаг авдаггүй нь хамаа байхав , өг хүү минь над шиг олон амьтанд рашаан тараадаг байлгүй дээ ... миний хүү савыг нь хоосон битгий буцаагаарай. Рашаан гэгч ус өнгөгүй ч чандмань эрдэнэ юм хойно будаа ч болохноо хийгээрэй гээд яриандаа болоод өдий болтол барьж сууснаас хурууны өндгийг нь чим чим хайран байгаа шилтэй рашаанаа жаал хүүгийн гарт бариулав .
-Эхнэр нь нэг цоожны өргөс хийлгэх юмсан гээд байсан юмсан . Одоо юу болж байдаг юм бол доо .
Уг нь ч түлхүүрийг нь өгвөл болох л ажил хуна даа .
-Хаалгандаа монгол цоож хийх гэж байгаа юм байх даа .
-Yгүй дэгээ . Хаалгандаа хүлээн авагчийн чийдэн шиг юм хийчихсэн байна . Онгойхоороо ногоон гэрэл асдаг юм байх гэсэн чинь ассангүй гэж манай банди л хөөрч ирсэн шүү дээ . Бодвол нөгөө цахилгаан цоож моож нь юм байлгүй .
-Намайг хэн бэ гэж асуулгүй үүдээ тайлаад өгсөн .
--- Аа шагайвартай болж л дээ. Yүдэн дээр ирсэн хүнээ дотроос нь харж байгаад үүдээ тайлж өгдөг жижигхэн дуран шиг юм байдаг юм билээ . Тэр байх л даа . Эхнэр нь орой үдэш айгаад байх юм гээд байдаг юм . Тэгээд тийм юм хийлгэж л дээ ...
-Тийм байж л дээ . Хүүг гайхан шагшиж ирэхээр нь цоож л юм байх гэж бодоод л доо ... Одоогийн улс цоож хэрэглэхээ болиод сайхан болж дээ . Урьд цоож , хийж өгөөч гэсэн улс амар заяа үзүүлдэггүй сэн .
-Нээнээ таныг цоожиндоо өргөс хийлгэвэл хийлгэ гэж байна гэх үү.
- Одоохондоо юу хийхэв дээ . Хожим аажуу уужуу болно биз .
Цоожинд улс ямар яарах биш дээ . Миний хүү зүгээр л савыг нь аваачаад өгчихөөд ир гэхэд Жавхлан хүү гүйн гарч одов .
-Май Нээнээ ! Шөл . Хоолоо идчихээд эртхэн хажуулаа аав минь гээд бэр нь халуун шөл гарт нь бариулав .
Удсан ч үгүй жаал хүү « үүдээ тайлж өгөхгөй юмаа » Хонхыг нь зөндөө дарлаа гэсээр орж ирлээ .
-Эзгүй юм байж л дээ. Цөөхөн дарахгүй дээ миний хүү эзгүй айлын хонх орилуулаад гэж Нэрэн өвгөн хэлээд хөлсөө арчин сууснаа нөгөө шилтэй рашаанаа авчруулан алган дээрээ хэд дусаан ширгэсэн булаг шиг хоёр нүдээ ээлжлэн шавшаад дээш харан хэвтлээ . Нэрэн өвгөнийг ингэж хэвтэхэд хүү нь ажлаасаа ирж эхнэр хүүхэдтэйгээ шуугилдан, өнөөдрийн рашааны тухай ярилцацгаах нь мухрын өрөөнд там тум сонсогдоно .
Өвгөний нойр хулжжээ. Хоёр нүдий нь нулимс бүрхэн юм харж болохгүй арган зовоож байсан гангийн тэр халуун зун эргэн бодогдож хорвоогийн хамаг юмс нулимсанд живчих шиг болсон тэр өдрийг эргэн санав. Төмөр толгой гэж нэрлэдэг нэгэн бор толгой дээр очиж хэсэг төмрийн хүдэр цуглуулаад газар ухаж хийсэн бухан зуухандаа хайлж байтал нь мэлтэлзэн хайлсан улаан төмөр хоёр нүдийг нь тэсэхүйеэ бэрх хорсгон нулимс асгаруулж байсан тэр мөч . Тэр гал улаан төмөр дурсагдав .
Нэрэн өвгөн энэ шөнө нойргүй хононо гэдгээ лавтай мэдэж байлаа. Тэр ямар нэгэн шинэ эмчилгээ хийж эхэлсэн шөнөө унтдаггүй ажээ. Хэвтсэн даруйдаа нэг хэсэг урьд өмнө өнгөрсөн амьдралаа дурсана .
Дараа нь гэнэт таг харанхуй болсон шигээ гэв гэнэтхэн хараа орох юм шиг бодон, тэр мөчийг унтаж байгаа зүүд шиг алдчихуузай гэсэн мэт өөрийгөө чагнана . Бас гэнэт хараа орчихвол өглөө хамгийн түрүүн хэн харагдах бол гэж бодно . Ингэж тэгсээр шөнөжин нойргүй хөрвөөж өглөөгүүр өөрийн эрхгүй нүдний хор гаргах төдий дуг хийгээд сэрнэ .
Сэрэнгүүтээ мөн л бахь байдаг таг харанхуй хэвээрээ байхаар нь зүүрмэглэсэн тэр мөчид л хараа ороод түүнээ мэдэлгүй , нүд аниатай байж байгаад алдчихсан юм шиг унтчихсандаа гутардаг байлаа . Энэ шөнө ч гэсэн мөн л хуучнаараа шөнөжин нойр хулжин, сэрвэгнэж байгаад өглөөгүүр хором зуур дугхийжээ .
Өвгөнийг сэрэхэд ,
-Аав та цайгаа авчруулах уу гэж хүү нь асуув .
-Yгүй ээ хүү минь хэвтэрт орчихсон биш аав нь босч байгаад өөрөө аваад уучихья . Та нар ажилдаа л явцгаахыг бод . Хождов хүү минь
-Хождохгүй ээ. Таны нүд яаж хонов доо. Юм мэдэгдэж байна уу?
-Яаж ганц өдөр мэдэгдэх вэ дээ, хүү минь. Хэд хоногоос тар нь танигдах байхаа.
-Ааваа, гал дээр халуун хоол бий шүү.
--- Яах нь вэ. Хар өглөөгүүр ажил удаж хоол хийгээд.
--- Яах вэ яахав. Та хамаагүй гам алдаж болохгүй.
Жавхлан сүүнд явсан гээд хүү нь ажилдаа явлаа. Нэрэн өвгөн цайгаа ууж, рашаанаасаа хөвөнд шингээн нүдэндээ дусаав. Савтай рашаан нь халуун байшинд бүлээссэн хэрнээ нүдний аяга руу нь сэрүү татан дотор нь онгойжээ. Өвгөн ач хүүгээ хүлээлгүй гадаа гарав. Хүүхдүүд өвгөнийг тосон «Нээнээ таны нүд хараа орсон уу» гэж шалгаан өвгөнийг хөтлөн вандан сандал дээр суулгав. Энэ үес байшингийн хаалгаар цагаан цамц өмсөж, тольтой шил зүүсэн Ваанчиг дэлдэн шар залуугийн хамт гарч ирэн Нэрэн өвгөнийг хармагц «ус, рашаан хоёрыг ялгахгүй байж, яаж цоожны өргөс хийх юм бол доо» гэж бодож явахад нь түүний тольтой шилэнд туссан нар дальдрах мэт ойв.